2012/09/10

Эмийн зохистой хэрэглээ

Эм гэж юу вэ?  
Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал.


<!--more-->

 Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Эмийн зохистой гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлнэ.
Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
*  Эмийн хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсоноос хүндрэх, архагших, эмэнд дасалтай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
*  Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
*  Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.
*  Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.
Эмийг хэрхэн зөв сонгох вэ?
Аливаа өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмч таньд тохирох эмийг сонгон, ямар тунгаар, хэдэн удаа, хэдэн хоногийн турш, хэрхэн хэрэглэхийг заан жор бичиж өгнө.
Хэрвээ эмийг өөрөө сонгон хэрэглэх  бол тухайн эмийн үйлчлэгч бодис, хэрэглэх болон эсрэг заалт, цээрлэх, хэрэглэх аргын талаар тодорхой мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй.
Эмийг зөв хэрэглэхийн тулд:
*  Хэт олон эмийг нэг өдөр хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх
*  Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх
*  Жирэмсэн үед, ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.
*  Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдээрэй.
*  Эмийг шошго дээр заасан нөхцөлд хүүхдийн гар хүрэхээргүй газар зөв хадгалаарай.
Эмийг хэдийд хэрэглэх вэ?
Эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн шалтгаалдаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас мэдэж болно. Ихэнхи эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг бол ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
*  Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирусаар үүсгэгдсэн жирийн хаиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу.
*  Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглээрэй.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.