1958 онд Улаанбаатар хотод дотрын эмч нарын мэргэжил олох анхны курс зохион байгуулагдаж түүнд Төв аймгаас их эмч Ц.Чойжинхорлоо суралцаж дотрын эмчийн мэргэжил эзэмшин аймгийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр ажилласан тэр үеэс Төв аймагт дотрын мэргэжсэн алба байгуулагдсан түүхтэй. 1958 онд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасаг 25 ортой байгуулагдахад анхны тасгийн эрхлэгчээр их эмч Дашравжаа ажиллаж байсан ба мөн ондоо дотрын мэргэжил эзэмшсэн эмч Ц.Чойжинхорлоо ажиллах болсон.
1960 оноос дотрын эмч Б.Алтангэрэл, 1963 оноос дотрын эмч П.Бумбага, мэдрэлийн эмч Г.Лхам нар тасгийн эмчээр, 1966 оноос дотрын эмч А.Цэрэндаваа ажиллах болсноор эмч нарын тоо нэмэгдэж стационар /хэвтүүлэн эмчлэх/, амбулатори /зөвлөгөө өгөх/ үйлчилгээг тусгаарлан, үйлчлэх хүрээ өргөжин тэлжээ.
Дотрын тасаг нь анх байгуулагдсан үеэсээ дотор, мэдрэл, халдвартын чиглэлээр иргэдэд үйлчилж эхэлсэн ба дээрх тасгуудыг төрүүлж гаргасан нэгдсэн эмнэлгийн ууган тасгуудын нэг юм.
1972 онд Аймгийн Нэгдсэн эмнэлэг одоогийн шинэ байрандаа орсноор дотрын тасаг 40 ортой болж үйлчилгээний хүрээ улам өргөжжээ. 1972 оноос зүрх судасны чиглэлээр, 1990 оноос хоол боловсруулах эрхтний эмгэгийн чиглэлээр /дурангийн/, 1997 оноос дотоод шүүрлийн өвчний чиглэлээр мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон.
Дотрын тасгийн нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд 60 орчим мянган хүнд стационарын, 400 орчим мянган хүнд амбулаторийн тусламж үйлчилгээг хүргэн хүний алтан амийг аврах их үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Одоо Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторит дотор, зүрх судас, ахмадын кабинетуудад мэргэжлийн 3 эмч ажиллаж, хэвтүүлэн эмчлэх тасагт
Дотрын зөвлөх Их эмч Г.Дарьсүрэн
Дотрын тасгийн эрхлэгч Их эмч Ш.Баярмагнай,
Их эмч Ц.Цэдэндаш, Х.Дорж ханд, Д.Чимэдцэрэн
Ахлах сувилагч Д.Нарантуяа,
Сувилагч: Ч.Сарантөгс, Д.Баярмаа,Ц.Молормаа, Ш.Оюунчимэг, Г.Мөнх-Амьдрал, Э.Ууганцэцэг, Н.Мөнхзаяа, А.Цэцэгдэлгэр, З.Баярмаа,
Үйлчлэгч: П.Оюунгэрэл, Ж.Билэгт, Б.Алтантуяа бүрэлдэхүүнтэй жилд 10 орчим мянган хүнд тусламж үйлчилгээг хүргэн, 100 гаруй удаа алсын болон төвийн дуудлагыг гүйцэтгэж байгаагаа гадна нүүдлийн амбулаториор хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн лабораторийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, хэт авиан оношлогоо, ходоодны уян дуран, рентген шинжилгээ зэргийн ашиглан 2-р шатлалын эмнэлгийн тусламжийг аймгийн нийт ард иргэдэд хүргэж байна. Төв аймгийн дотрын албанд нөр их хичээл зүтгэлээ зориулан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эмч ажиллагсдын дотроос МУ-ын хүний гавьяат эмч 2, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 20 гаруй, хөдөлмөрийн хүндэт медальтай, тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч сувилагч 18 төрөн гарсан байна.
Манай хамт олон хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй үзүүлэхийн төлөө "Ёс зүйтэй орчинд чанартай тусламж" эрхэм зорилгын дор нэгдэн алсын дуудлагаар аймгийн нийт сумдад очиж зөвлөгөө өгч, тусламж үзүүлж, мэргэжлийн эмч нараас өөрийн үйлчлүүлэгчдэд зөвлөгөө авч ажилладгаас гадна өрхийн эмнэлгүүд нэгдсэн эмнэлгийнхээ бусад тасгуудтай хамтарч ажилладаг билээ.