2018/01/02

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
Нэг. Нийтлэг үндэслэл
                1.1.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ ( цаашид “ёс зүйн хэм хэмжээ” гэх) нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль бусад холбогдох хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон энэхүү ёс зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдоно.
                1.2.Эрүүл мэндийн байгууллага нь ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэн, хэрэгжилтэнд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага
тооцож ажиллана.
                1.3.Ёс зүйн хэм хэмжээ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-д заасан мэргэжилтнүүдэд хамаарна.
                1.4.Шаардлагатай тохиолдолд энэхүү ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн төрөлжсөн мэргэжлийн онцлогийг тусгасан ёс зүйн нэмэлт хэм хэмжээг тухайн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн нийгэмлэг боловсруулж, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулан, мөрдүүлж болно.
                1.5.Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл  ажиллагаандаа шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, үл ялгаварлан гадуурхах, хариуцлага хүлээх, үйлчлэх зарчмыг баримтална.
   Гурав. Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ
3.1 Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримтална.
3.2 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үл ялгаварлан хүн бүрт тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.
3.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа байгууллагын дотоод журам, тусламж үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг мөрдөж ажиллана.
3.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь мэдлэг, чадвараа байнга дээшлүүлэн, шаардлагатай үед бусад мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, тэдэнтэй мэдлэг, ур чадвараа харилцан солилцож, шинжлэх ухааны ололт, нээлтийг ажилдаа бүтээлчээр нэвтрүүлэхийг эрмэлзэж ажиллана.
3.5 Эмнэлгийн мэргэжилтэн нь био-анагаахын ёс зүйн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөнө.
3.6 Эмнэлгийн мэргэжилтэн нь аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан үнэн зөв гаргана.
3.7 Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан болсноор эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн үүрэг хариуцлага нь өөрчлөгдөхгүй.
3.8 Эмнэлгийн удирдах ажилтан нь ёс зүйн дараах нэмэлт үүргийг хүлээнэ.
3.8.1 Хариуцсан нэгж, байгууллагын түвшинд үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ.
3.8.2 Эмнэлгийн хязгаарлагдмал нөөцийг шударгаар хуваарилах тухай байгууллагын дотоод журамд тусган хэрэгжүүлнэ.
3.8.3  Байгууллагын хэмжээнд ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ёс зүйн хяналтын хороо болон салбар хороо, хэсгийн хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
3.8.4 Энэ дүрмийн 7.1-д заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан эмчийн хүсэлтийг хүлээн авч, шалган, нэн даруй шийдвэрлэнэ.
3.9 Мэдлэг, ур чадвараа хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;
3.10 Эмнэлгийн байгууллага, эмнэлгийн бусад мэргэжилтний нэр төр, мэргэжлийн ур чадвар болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой аливаа мэдээллийг санамсаргүй буюу санаатайгаар хөндлөнгийн хүмүүст болон тэдний дэргэд дэлгэн ярих, шүүмжлэн ярихгүй;
3.11 Мэргэжил, мэргэшсэн давуу байдлаа ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, саад тотгор учруулах, санаатайгаар олноороо бүлэглэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, стандартыг алдагдуулахгүй байх;
3.12 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн амбулаторийн карт, өвчний түүх, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй;
3.13 Өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бичиг баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах буюу ашиглуулахгүй;
3.14 Үйлчлүүлэгчид урьдчилан мэдээлж, зөвшөөрөл авалгүйгээр төлөвлөгөөт мэс заслын явцад эмчийг солих нь ёс зүйд нийцэхгүй;
3.15 Хэвтэн эмчлүүлэгчдэд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд эмчлэгч эмчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзлэг хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой зааварчилгаа өгөхгүй байх;
3.16 Шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх;
3.17 Үйлчлүүлэгч мэс засал хийлгэсэн, эсвэл эмнэлэгт нас барсан тохиолдолд өөрийнх нь болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний эд эрхтнийг авах, зарах, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй бөгөөд ийм үйл ажиллагаанд оролцохгүй, энэ талаар зааварчилгаа өгөхгүй;
3.18 Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, үйлчилгээний тодорхой хувилбарыг үйлчлүүлэгчид тулгах нь ёс зүйд үл нийцнэ;
3.19 Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр танигдахуйц байдлаар харуулах буюу бусад хэлбэрээр сурталчилгаанд оруулахгүй;
3.20 Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулахгүй;
3.21 Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, үр дүн нь тодорхойгүй, стандартын бус, чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг дэмжиж сурталчлах, түүнийг оношлогоо эмчилгээнд хэрэглэхгүй, зарж борлуулах, түгээх, үйлчилгээг үйлчлүүлэгчид санал болгож, сурталчлахгүй байх;
3.22 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаахын болон шинжлэх ухааны туршилтанд хамруулахгүй байх;
3.23 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхэд нь хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж нөлөө үзүүлэхгүй байх;
3.24 Эмнэлгийн мэргэжилтэн нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрүүдэн шүүх, тарчлаан зовоох, харгис хэрцгий харилцах, нэр төрийг нь доромжлох, басамжлах аливаа хэлбэрийг нуун дарагдуулах ба өөрөө оролцох;
3.25 Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хууль бус шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй ба үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орохгүй байх,
3.26 Үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг бэлгийн дарамтанд оруулахгүй байх;
3.27 Удирдах ажилтан болон эмнэлгийн мэргэжилтэн давуу байдлаа ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлчлүүлэгч, хамт олон, нийгэмд хор хохирол учруулахуйц үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бусдыг татан оролцуулахгүй байх;
3.28 Удирдах ажилтан нь эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад хөндлөнгөөс оролцох, зааварчлах, тулган шаардахгүй байх.
    
Дөрөв. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим
4.1 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид хүнлэг энэрэнгүй хандаж, тэдний хууль ёсны эрх, нэр төрийг хүндэтгэж харилцана.
4.2 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг хөндлөнгийн саадгүй орчинд үзүүлнэ.
4.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилангийн талаар болон аливаа өвчин эмгэгийн мөн чанар, шалтгаан, оношилгоо, эмчилгээний аргууд, тэдгээрийн үр дүн, эрсдэл, хүндрэл, өөрийн болон тухайн байгууллагын бодит чадавхи, өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.
4.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах, сэтгэл санааны дэм үзүүлэх, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөлөх, аливаа нэмэлт, зовиур шаналгаа үүсгэхгүй, оновчтой тусламж үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж ажиллана.
4.5 Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яаралтай тусламжаас бусад тохиолдолд эхэнд ирсэн нь эхэлж үйлчлүүлэх буюу тэгш эрхийг хангасан хуваарилалтын зарчмыг баримтална.
4.6 Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчээс дараах тохиолдолд шийдвэрийг бичгээр авна.
4.6.1 Тусламж үйлчилгээнээс үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч  (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) татгалзсан;
4.6.2 Амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх;
4.6.3 Мэс ажилбар, мэс засал хийх тохиолдол бүрт (гоо сайхны мэс ажилбар, мэс засал хамаарна);
4.6.4 Донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар хийх (хүлээн авагч ба донороос тус тусад нь зөвшөөрөл авна).
4.7 Хэрэв үйлчлүүлэгч насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол шийдвэрийг түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс бичгээр авна.
4.8 Эмнэлгийн мэргэжилтэн нь дараахь тохиолдолд үйлчлүүлэгч, түүний ар гэрийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргаж болно:
4.8.1 Үйлчлүүлэгч сэтгэцийн хүнд эмгэгийн улмаас зөвшөөрөл өгөх чадваргүй үед яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх нь ноцтой үр дагаварт хүргэх нь илэрхий;
4.8.2 Өвчний талаарх мэдээлэл нь үйлчлүүлэгчид сэтгэл зүйн хүнд цохилт өгөх, түүнээс үүдсэн ноцтой үр дагавар учруулах эрсдэлтэй.
4.9 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд түүнийг амьд сэрүүн байх хугацаанд төдийгүй нас барсных нь дараа ч чандлан хадгална.
4.10 Зайлшгүй шаардлагаар өөрийн хувийн өмчийн эсвэл үйл ажиллагааны ашгаас нь хувь хүртдэг эмнэлгийн байгууллагадаа үйлчлүүлэгчийг илгээх бол энэ тухай үйлчлүүлэгчид мэдээлэхийн зэрэгцээ ижил төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэн, байгууллагын талаар бүрэн мэдээлэл өгнө.
4.11 Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал эрс муудсан буюу үйлчлүүлэгч нас барсан тохиолдолд энэ тухай түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д үнэн бодитоор мэдээлэх үүргийг зөвхөн эмч хүлээнэ.
4.12 Амьдралын төгсгөлийн шатанд орсон буюу эдгэрэшгүй, тавилан тодорхойгүй өвчтэй үйлчлүүлэгчийн хувьд сэтгэл зүйн бэлтгэлээс хамаарч мэдээллийг хэдийд, ямар байдлаар бүрэн өгөхийг шийднэ.
4.13 Үйлчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээ цаашид үр дүнгүй нь илэрхий тохиолдолд түүний биеийн байдлыг хөнгөвчлөх зорилгоор өвдөлт, зовиур шаналгааг багасган, амар тайван байдлыг хангахад эмчилгээ, үйлчилгээг чиглүүлж болно.
4.14 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид хүчирхийллийн (бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны г.м) шинж тэмдэг байгаа эсэхийг байнга анхаарч, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлж, таслан зогсоох, давтагдахаас урьдчилан сэргийлж ажиллана.
4.15 Эмнэлгийн мэргэжилтэн нь ял эдэлж буй хүнд шүүхийн шийдвэрээс үл хамааран, тусламж, үйлчилгээг тэгш, чанартай үзүүлнэ.


Тав. Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим
5.1 Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ дэмжсэн, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ.
5.2 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах зорилгоор эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөдтэйгээ чөлөөт, шударгаар өрсөлдөнө.
5.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн, нөхөрсөг, шударгаар хамтран ажиллах ба ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчид хайхрамжгүй хандах, хууран мэхлэх, залилахтай эвлэрэхгүй байхын зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн ажиллана.
5.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа өөрийн санаачлагаар буюу үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн хүсэлтээр бусад эмчийн зөвлөгөө, тусламжийг авч болно.
5.5 Үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргах үйл явцад эмч нарын хооронд санал зөрөөтэй байдал үүсвэл эцсийн шийдвэрийг эмчлэгч эмч гаргана. Эмч нарын зөвлөлгөөн хийсэн тохиолдолд зөвлөлгөөний шийдвэрийг дагана.
5.6 Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн талаарх өөрт байгаа бүх мэдээллийг дараах эмнэлгийн мэргэжилтнүүдэд саадгүй өгч болох ба үүний тулд үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс зөвшөөрөл авах шаардлагагүй:
5.6.1 өөрийг нь шууд удирдан ажилладаг эмнэлгийн мэргэжилтэн;
5.6.2 зөвлөх мэргэжилтэн;
5.6.3 тухайн үйлчлүүлэгчийн эмчилгээний асуудлыг шийдэхэд шууд оролцож буй эмнэлгийн мэргэжилтнүүд;
5.6.4 хуулиар олгогдсон эрх бүхий бусад хүмүүс.
5.7 Яаралтай тусламж шаардагдсан үед үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) нэгэн зэрэг хэд хэдэн эмч дуудаж, ирсэн тохиолдолд хэн нэгнээр нь үйлчлүүлэх талаар онцлон хүсэлт гаргаагүй бол түрүүлж ирсэн эмч дараагийн мэргэжилтэнд шилжүүлэх хүртэл тусламж үзүүлнэ.
5.8 Сувилагч нь анагаах ухаан, сувилахуйн стандартад нийцээгүй үйлчилгээ, үйлдлийг эмчийн зааврын дагуу гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ба хэрэв ийм үйлчилгээ, үйлдэл хийхийг шаардсан, зааварласан тохиолдолд шууд харъяалах дээд албан тушаалтанд мэдээлнэ.

Зургаа. Эмнэлгийн мэргэжилтэн нийгэмтэй харилцах горим
6.1 Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон эрүүл мэндийн тухай хууль тогтоомжууд, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, өрх бүл, иргэдтэй хамтран ажиллана.
6.2 Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын өмчийн хэлбэрээс үл хамааран өөрийн хувийн ашиг сонирхолоос нийгэм, олон нийтийн эрх ашгийг дээгүүрт тавина.
6.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь олон улсын болон халамж, буяны байгууллагууд, сайн санаат иргэдээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулан өгсөн тусламжийг зориулалтаар нь ашиглана.
6.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернэт, телефон утас бусад дам харилцааны хэлбэрээр дамжуулан нийтэд зөвлөгөө өгч буй тохиолдолд эмчилгээ оношлогооны аргыг шууд зааварчлахгүй. Харин тухайн өвчний талаарх ерөнхий мэдээлэл, тусламж үйлчилгээг авахад шаардлагатай лавлагаагаар хангаж болно.
6.5 Эмнэлгийн мэргэжилтэн өөрийн үйл ажиллагааг сурталчилж болно. Сурталчилгаа нь зөвхөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжил эзэмшсэн сургууль, зэрэг цол, ажлын дадлага туршлага, үйл ажиллагаа явуулдаг байршил, тусламж үйлчилгээ үзүүлэх хуваарьтай холбоотой үнэн зөв мэдээллийг агуулах ба мэргэжлийн нэр томьёо хэрэглэхгүйгээр энгийн, ойлгомжтой үг хэллэг хэрэглэнэ.
6.6 Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний болон оношлогоо, эмчилгээний бусад аргатай холбоотой ташаа, бүрэн бус, ойлгомжгүй, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журам, удирдамжид нийцээгүй мэдээлэл бүхий сурталчилгааны талаар холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Долоо. Эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах


7.1 Үйлчлүүлэгчийн болон түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүд, найз нөхдийн зүгээс эмнэлгийн мэргэжилтэнтэй ёс бусаар харилцах, бие махбодид нь халдах, заналхийлэх, айлган сүрдүүлснээс тусламж, үйлчилгээг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж мэргэжлийн алдаа гаргаж болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн татгалзах болсон үндэслэлээ үйлчлүүлэгч, өөрийн байгууллагын удирдлагад бичгээр мэдэгдэх бөгөөд дараагийн эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээг бүрэн хариуцан авах хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ.
7.2 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн шаардсан тусламж үйлчилгээг нотолгоо, үндэслэлгүй гэж үзвэл татгалзаж болно.

Найм. Ёс зүйн хэм хэмжээг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага

8.1 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтнүүдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.