2019/03/21

“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт, хүрээ нэмэгдэж байна.
Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар, хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийг суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан болж байна.

Засгийн газраас 1999-2005, 2006-2015 онд “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шүд цоорох өвчний тархалтыг 24,4 хувиар, шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлтийг 2.7 хувиар тус тус бууруулж, 18 настай хүүхдийн дунд бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь 5 хувиар нэмэгдсэн байна.

Гэвч сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны дүнгээс үзэхэд иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөлийн үзүүлэлтүүд буурахгүй байна.

Манай улсад 2007-2011 онд хүүхдийн шүд цоорох өвчний тархалт          96.2 хувь, шүд цоорох өвчний эрчим 6-8 шүд болж өссөн байна. Улсын дунджаар шүд цоорох өвчний тархалт 71,4 хувь, шүд цоорох өвчний эрчим 4,33 шүд, эмчилгээний хэрэгцээ 94,3 хувь байна.

Нийслэлийн 7 дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар 1408 сурагчийн 66.0 хувь чихэрлэг ундаа, 39.1 хувь нь хямд үнэтэй чихрийг сургуулийн орчмоос өдөр бүр худалдан авч, хэрэглэдэг болох нь тогтоогдсон. 
Иймээс амны хөндийн эрүүл мэндийн талаар хүн амын насны онцлогт тохирсон сургалт, сурталчилгааг тасралтгүй явуулж иргэдийг шүд, амны хөндийн эрүүл мэндээ сайжруулах, хоол хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээг дадал болгох эрүүл мэндийг дэмжигч нийгэм, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх явдал нэн чухал байна.
Амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, чадавхыг дээшлүүлэх хэрэгтэй байна.
Мөн амны хөндийн эрүүл мэндийн талаар судалгаанд үндэслэсэн мэдээлэл хангалтгүй байгаа тул шүд цоорох өвчний тархвар зүйн мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх хэрэгцээ байна. 
Иймд хүүхдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бусад салбарын оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн цогц хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа
2.1. Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
     Зорилт 1. Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, чадавхыг дээшлүүлэх, зүй зохистой байршуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
     Зорилт 2. Хүүхэд, эцэг эх, гэр бүлийн гишүүд болон хамт олны оролцоотойгоор шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, амны хөндийн эрүүл мэнддээ хяналт тавих эрүүл зан үйлийг төлөвшүүлэх;
     Зорилт 3. Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх замаар тусламж, үйлчилгээг сайжруулах;
     Зорилт 4. Шүд, амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах чиглэлээр мэдээлэл, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх.
2.3. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа


3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. шүд, эрүү нүүрний төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох;
3.1.2. шүд эмчилгээ, тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэл, бусад салбарын оролцоог сайжруулах;
3.1.3. хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх явуулын багийг төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд түшиглэн байгуулах, алслагдсан баг, суманд ажиллуулах;
3.1.4. нүүр, ам судлалын үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх;
3.1.5. хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, өрхийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрт амны хөндийн эрүүл ахуйн чиглэлээр багц цагийн сургалтыг тусгаж батлуулах;
  
3.2 Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг  хэрэгжүүлнэ:

3.2.1. амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулахад холбогдох төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаж идэвхжүүлэх;
3.2.2. сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулж, дадал бий болгох;
3.2.3. хүүхдийн шүдийг бэхжүүлэх уламжлалт аргыг сурталчлах;
3.2.4. чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортыг хязгаарлаж, шүдэнд ээлтэй хоол, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх.
3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
  3.3.1. шүдний өвчний оношилгоо, эмчилгээний зааврыг шинэчлэн боловсруулах;
  3.3.2. аймаг, нийслэл, дүүргийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлгийн амбулаторийн шүдний кабинетын хүчин чадлыг сайжруулах;
 
  3.3.3. зорилтот бүлгийн хүүхдийг шүдний урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах.

3.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
      3.4.1. шүдний өвчлөлийн болон урьдчилан сэргийлэх үзлэгийн анхан шатны бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох;
 
      3.4.2. шүд, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлд шинэ технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
 
      3.4.3. шүдний өвчлөлийн бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн сантай болох.

Дөрөв. Хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт
4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 02-12 насны хүүхдийн шүдний өвчлөл буурч, амны хөндийн эрүүл ахуй сайжирч, хүүхдийн архаг болон суурь өвчлөлөөс сэргийлэх боломж бүрдсэн байна.
4.2. Хөтөлбөрийн үр дүнг дүгнэхдээ 2017 оны мэдээллийг суурь үзүүлэлт болгон ашиглах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
Д/д
Шалгуур үзүүлэлт

Хүрэх түвшин
Мэдээллийн эх сурвалж
Суурь үзүүлэлт
2017
2021
2023
1.
5-6 настай хүүхдийн дунд шүд цоорлын тархалтын хувь
86,1%
75%
55%
Эрүүл мэндийн хөгжлийн төв
Нийслэлийн захирагчийн ажлын алба, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, , Нүүр ам судлалын сургууль, 2017 оны нийслэлийн хотын                9 дүүргийг хамруулсан судалгаа
2.
12 настай хүүхдийн дунд шүд цоорлын тархалтын хувь
86,2%
75%
50%
3.
5-6 настай хүүхдийн дунд шүд цоорлын эрчим (ЦЛ/шүд)
6,4
4,0
2,0
4.
12 настай хүүхдийн дунд шүд цоорлын эрчим (ЦЛА/шүд)
6,1
4,1
1,5
5.
Бэлтгэгдсэн нүүр амны эрүүл ахуйчийн  тоо
63
130
170
АШУҮИС, НАСС, 2017
6.
Шүдний эрүүл ахуйн төлөвлөгөөт үзлэгт хамрагдсан хувь
0
65%
85%
Эрүүл мэндийн хөгжлийн төв
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
5.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
     5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
     5.1.2. олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж;
     5.1.3. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив;
     5.1.4. бусад эх үүсвэр.
Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр хийнэ.
6.2. Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын            хяналт-шинжилгээ, үнэлгээг бүх шатны Засаг дарга жил бүр хийнэ.
6.3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
7.2. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих, удирдан зохицуулах ажлыг бүх шатны Засаг дарга нар хариуцан зохион байгуулна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.